ГАН, ЦӨЛЖИЛТ, ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ БОЛОН ЭНЭ ҮЕД МӨРДӨХ УСНЫ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЖУРА

60101_153912331309269_150882444945591_318287_257498_n

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2013 оны 03 дугаар
сарын 01-ний өдөр Дугаар А-66 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ган, цөлжилт, хуурайшилтын зэрэглэл тогтоох болон энэ үед мөрдөх
усны нөөцийн менежментийн/

“Усны тухай” хуулийн 23.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. ”Ган, цөлжилт, хуурайшилтын зэрэглэл тогтоох болон энэ үед мөрдөх усны нөөцийн менежментийн журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Сав газрын захиргаа, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

САЙД С.ОЮУН

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын
2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн
А-66 дугаар тушаалын хавсралт

ГАН, ЦӨЛЖИЛТ, ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ БОЛОН ЭНЭ ҮЕД
МӨРДӨХ УСНЫ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь тодорхой нутаг дэвсгэрт тохиолдсон ган, цөлжилт, хуурайшилт зэрэг уур амьсгалын сөрөг үзэгдлийн үед ган, цөлжилт, хуурайшилтын төлөв байдлын зэрэглэлийг тогтоох, тухайн нөхцөлд тохирсон усны нөөцийн зөв зохистой хувиарлалтын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2. Ган, цөлжилт, хуурайшилтай нутаг дэвсгэрт усны нөөцийн зохистой хуваарилалт хийх, хөв цөөрөм байгуулах, хур борооны усыг хуримтлуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлэх, усыг хэмнэх, эргүүлэн ашиглах технологийг нэвтрүүлэх, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх үйл ажиллагааг Сав газрын захиргаанаас эрхлэн, байгаль орчны алба, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нартай хамтран төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулна.

Хоёр. Ган, цөлжилт, хуурайшилтын зэрэглэл

2.1. Бүс нутгийн хэмжээнд хур тундас дутагдсаны улмаас урт хугацаанд хуурай цаг агаар тогтон, гадаргын усны балансын тэнцвэр алдагдаж, ургамлын нөмрөг мөхөж буй байгалийн үзэгдлийг дараах зэрэглэлээр ангилна:
2.1.1. гандуу зэрэглэлд – дулааны улиралд орох хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас 30-аас дээш хувиар багассан;
2.1.2. гантай зэрэглэлд – дулааны улиралд орох хур тундасны хэмжээ олон жилийн дунджаас 50-иас дээш хувиар багассан;
2.1.3. улаан гангийн зэрэглэлд – дулааны улиралд хур тунадас огт ороогүйн улмаас ургамлын ургалт зогсож, булаг шанд, цөөрөм, баянбүрд зэрэг гадаргын усны эх үүсвэрүүд нь ширгэсэн бүс нутаг хамаарна.
2.2. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д зааснаар цөлжилтийг ангилна.

2.3. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д заасан харьцаа алдагдаж, агаарын чийглэг эрс багассан улирлын давтамжтай үзэгдлийг дараах зэрэглэлээр ангилна:
2.3.1. хуурайвтар – хуурайшилтын индексийн утга нь 0.20-0.50;
2.3.2. хуурайшилттай -хуурайшилтын индексийн утга нь 0.05-0.20;
2.3.3. хэт хуурайшилттай- хуурайшилтын индексийн утга нь 0.05-аас бага.

Гурав. Ган, цөлжилт, хуурайшилтын зэрэглэл тогтоох

3.1. Тухайн жилийн ган, цөлжилт, хуурайшилтын зэрэглэлийг Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан аргачлалын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.

Дөрөв. Ган, цөлжилт, хуурайшилтын үед мөрдөх усны нөөцийн хувиарлалт

4.1. Ган, цөлжилт, хуурайшилтын үед усны нөөцийг зүй зохистой хуваарилах, хүн амын унд ахуйн болон мал сүрэг, ан амьтны усан хангамжийг хэвийн хангах усны нөөцийг хамгаалах зохистой хуваарилах, ашиглах дараахь үйл ажиллагааг Сав газрын захиргаа, байгаль орчны алба, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар хамтран зохион байгуулж, хэрэгжүүлнэ.

4.1.1. ган, цөлжилт, хуурайшилтын сул зэрэглэлтэй бүс нутагт хүн амын унд ахуй, мал сүрэг, тэжээвэр амьтад, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн усны хэрэглээг зохистой шаардлагын хэмжээнд зөвшөөрч, усны нөөцийг менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлнэ.

4.1.2. ган, цөлжилт, хуурайшилтын дунд зэрэглэлтэй бүс нутагт хүн амын унд ахуй, мал сүрэг, тэжээвэр амьтад, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн усны хэрэглээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв тогтоосон нормын хэмжээнд зөвшөөрч, үйлдвэр, аж ахуйн үйл ажиллагааны усны хэрэглээг аж ахуйн нэгж бүрээр хянан ус ашиглах дээд хэмжээг тогтоон мөрдүүлнэ.

4.1.3. ган, цөлжилт, хуурайшилтын хүчтэй зэрэглэлтэй бүс нутагт хүн амын унд ахуй, мал сүрэг, тэжээвэр амьтад, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн усны хэрэглээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв нормын хэмжээнд зөвшөөрч, үйлдвэр, аж ахуйн үйл ажиллагааны усны хэрэглээг түр хязгаарлах, хэсэгчилэн хориглох арга хэмжээг авна.

4.2. Ган, цөлжилт, хуурайшилтаас учирч болох хохирлоос сэрэмжлүүлэх арга хэмжээг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх үүргийг Цаг уур, орчны шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

——–оОо———-

You may also like...